|
|
Гэрээс
М•цэдэндорж
Үеийн хэдэн нөхөд минь
Үзэг нэгтэй анд минь
Үзэж уулзсан найз минь
Үгээр танилцсан түмэн минь
Үйлээн хуваасан хань минь
Үр сад та нар минь
Үйлбэргүй шавь минь
Үхэхийн цагт минь намайг
Үнс чандар болгоорой
Угийн гэрээсийг минь биелүүлээрэй
Улаан гал дээр шатаагаарай
Улалзах дөлөнд нь дулаацаарай
Уст чачран, Бурханбуудайд минь
Үнсийг минь заавал хүргээрэй
Нарнаас би тасарсан болохоор
Наран гэдэг содон нэртэй
Наад уул, уснаас чинь биелсэн болохор
Наранд би ил байж
Нартын салхинд ил байж
Хумхийн тоос болоод
Хурмастад эргэлдэн эргэлдэнэ
Чийгт газар доор би
Чилээрхэж хэвтэхэд дургүй байна
Бул чулуунд дарагдаж
Буг болох дургүй байна
Цэвэр агаар дундаан
Цэнгэн наадан бүжиглэнэ
Агаар, нар, салхин дунд
Алтайн нурууныхаа зоон дээр
Халуу татуулан бууж
Хайлан шингэнэ, тэгээд
Харгилах чачрантай урсаж
Бурханбуудайн үер шиг
Буурцагийн хоолойд бууж
Талын хөрсөнд шингэж
Тариа таана тэжээж
Тэндээс өндийн найгая
Тэнүүн хүсэл минь энэ шүү
Хожмын нэгэн өдөр
Хорвоогоос халихын цагт минь
Тийнхүү
Тэтгээрэй, туслаарай нөхөд минь! |
|